ok

Таван төрлийн амтат зайрмагийг гэртээ хийж сураарай

Тоортой зайрмаг

Орц:

Элсэн чихэр – 2 аяга
Сүү- 1 аяга
Өндөгний шар- 4 ширхэг
Давс- чимх
Тоорын нухаш- 2 аяга
Сүүн крем- 2 аяга
Ванилийн ханд- 1 халбага

Хийх арга:

Томхон сав сонгож, үүндээ элсэн чихэр, сүү, өндөгний шар болон давсаа хийж сайтар хутгана. Үүнийгээ дундаж гал дээр халааж, буцалгаад, галаа багасгаж өтгөртөл нь 5 минут байлгаарай. Дараа нь өөр нэгэн саванд тоорын нухаш, крем, болон ванилийн хандаа хийж хутгах бөгөөд үүнийгээ мөнгөлөг цаасаар бүтээж, хөргөгчинд 2 цаг байлгах юм. Товлосон цаг болсны дараа бэлдцүүдээ миксердэх бөгөөд болсон гэж үзвэл хэвэнд хийн хөлдөөхөд л хангалттай.


Нэрстэй зайрмаг

Орц:

Сүүн крем- 2 аяга
Сүү- 2 аяга
“Cream Cheese”- 230 гр
Ваниль- 2 халбага
Хөлдүү нэрс- 2 аяга
Элсэн чихэр- 3 халбага
Нимбэгний шүүс- 2 халбага

Хийх арга:

Нэрс, элсэн чихэр, нимбэгний шүүс зэргээ холин, дунд хэмийн гал дээр буцалгаж, шүүс гаргаж авах юм. Галаа бага зэрэг намдааж, шүүсээ өтгөрүүлэх бөгөөд болсон гэж үзвэл гаргаж 1 цаг хөргөгчинд байлгаарай. Одоо харин томхон аяганд “Cream Cheese”-ээ хийж, зөөлөртөл нь хутгаж, дарах аж. Сүү, сүүн крем, ваниль зэргээ хамтад нь миксердэж, өтгөрүүлэх ёстой байна. Ингээд хамгийн сүүлд тэгш хэмт намхан дөрвөлжин сав сонгож хамгийн дор нь сүүн кремийн холимогоо дээрээс нь нэрсний чанамал хамгийн сүүлд “Cream Cheese”-ээс хийж, хутга халбага зэргийг ашиглан, бага зэрэг хооронд нь хольж өгөөрэй. Үүнийгээ 6 цаг хөлдөөгчинд байлгах ёстой юм.

Гүзээлзгэнэ болон гадилтай зайрмаг

Орц:

Гүзээлзгэнэ- 450 гр
Гадил- 4 ширхэг
Элсэн чихэр- 2 халбага

Хийх арга:

Үүнийг хийх нь тун хялбар аж. Орц нь амархан бөгөөд амтлаг, шим тэжээлт жимсний нэгдэл тул та гэр бүл, үр хүүхдүүдээ дайлаарай. Гадилаа хальсалж, харин гүзээлзгэнээ цэвэрлээд жижиглэн хэрчинэ. Үүндээ элсэн чихрээ нэмэх бөгөөд бага зэрэг хутгасны дараа блендэрт хийж миксердээрэй. Хормын төдийд таны дуртай зайрмаг бэлэн болох бөгөөд үүнийгээ хөргөгчинд хэсэг байлгаж идэх боломжтой төдийгүй хэр их хөлдөөх нь таны дур аж.

Ореотой зайрмаг

Орц:

Сүүн крем- 2 аяга
Сүү- 2 аяга
Орео- 340 гр
Ваниль- 1 халбага

Хийх арга:

Орео печенийхээ 200 гр-ийг нүдэж, жижиглэнэ. Дараа нь сүүн крем, сүү болон ванилиа сайтар миксердэж, өтгөрүүлээд дээрээс нь жижиглэсэн ореогоо хийж, дахин миксердэнэ. Хамгийн чухал нь орео бутарч, крем өтгөрөх ёстой бөгөөд болмогц нь жижиг саванд хуваан хийж дээр нь үлдсэн “орео”-гоо хугалж хийгээрэй. Үүнийгээ хөлдөөгчинд 6 цаг байлгах ёстой аж.

Шоколад, интоортой зайрмаг

Орц:

Сүүн крем- 2 аяга
Сүү- 2 аяга
Ванилийн нунтаг- 1 халбага
Интоорын чанамал, компот- аяганы дөрөвний гурав
Хар шоколад- 1 бүтэн

Хийх арга:

Сүүн кремээ миксердэж өтгөрүүлнэ. Үүндээ сүүгээ бага багаар хийж дуусгаад сүүлд нь ванилийн нунтагаа хийгээрэй. Дараа нь жижиглэсэн шоколад болон интоороо хийх бөгөөд сайтар миксэрдэж, жигд болгоно. Ингээд бэлдсэн зайрмагаа 4-6 цаг хөлдөөсний дараа идэж хэрэглэж болох юм.

Сэтгэгдэл бичих