Аз жаргалтай хос болох нууц жор нь юу гээч…

Харилцаандаа 100 хувь сэтгэл хангалуун байдаг хосууд хэр олон байдаг бол? Нэг нэгэндээ сэтгэл ханамжгүй байх нь салалтын гол шалтгаан гэж хэлэхэд хилсдэхгүй. Мэдээж түүнээс гадна хоёр талын гэр бүлүүд, найз нөхөд гээд нөлөөлж болох зүйлс байх ч хамгийн чухал нь сэтгэл ханамж.

Нууц амраг, гэр бүлээс гадуурх ганц удаагийн харилцаа тухайн гэр бүлийн итгэлцлийг нурааж цаашлаад салах шалтгаан болох магадлал өндөр. Сүүлийн жилүүдэд ганц бие залуу ээж, аавууд олширсон нь ч үүнтэй холбоотой.

Фэйсбүүк дэх ээжүүдийн нэгэн группт гэр бүлээс гадуурх харилцааны талаар маш олон эмэгтэйчүүд тусламж эрэн бичдэг. Өдөрт нэг эмэгтэй энэ асуудлаар зөвлөгөө бусдаасаа хүсдэг гэхэд хилсдэхгүй.

Нууц амраг, гэр бүлээс гадуурх харилцааг зөвхөн эрчүүд үйлддэг юм биш л дээ. Мэдээж эмэгтэйчүүд ч энэ тал дээр асуудал үүсгэж л байгаа. Тэгвэл бид энэ удаад гэр бүлийн харилцааг тогтвортой байлгах үүднээс Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмч Б.Мөнхнарангийн зөвлөгөөг хүргэж байна.

Тэрбээр сэтгэл засалч, секс судлаач эмч мэргэжлээр мэргэшсэн тул гэр бүлийн харилцаанд тулгарч буй асуудал яагаад үүсдэг, түүнийг хэрхэн даван туулах боломжтой талаар ийн зөвлөж байна.

БЭЛГИЙН ХАРИЛЦАА ХҮНИЙ АНХДАГЧ ХЭРЭГЦЭЭ

Өнөөдөр манайд секс гэхээр порно гэж ойлгодог хүмүүс олон бий. Анхны суурь нь буруу учраас үүнийг зөвөөр ойлгодоггүй. Тэгвэл Абрахам Маслоугийн “Хэрэгцээний шатлалын онол”-оор бэлгийн харилцаа хүний анхдагч хэрэгцээнд ордог байна. Тодруулбал, энэ онолоор хэрэгцээг пирамид хэлбэрт оруулсан байдаг. Хамгийн доод талд нь физиологийн хэрэгцээ ордог. Үүнд, хооллох, унтах, бие засахаас эхлээд бэлгийн харилцаа хүртэл орсон байдаг.

Хэрэгцээ өөрөө шатлалтай учраас бэлгийн хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд хайр сэтгэл яриад ямар ч хэрэггүй гэсэн үг. Солонгост цайны цагаар буудлууд нь дүүрдэг. Манайд ч ялгаа байхгүй болж байна гэдгийг ярих болсон. Мэдээж цайны цагаар гэр бүлийн хүнтэйгээ бэлгийн хавьталд орохгүй шүү дээ. Тэгэхээр эргээд нийгмийн завхрал болж байна. Энэ зүйл буруу юм байна, би хань ижилтэйгээ ойлголцох ёстой юм байна гэдгийг мэдэхгүй зөвхөн хэрэгцээндээ тулгуурласнаас болж асуудал улам даамжирч байна.

АНХДАГЧ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГААГҮЙ ХҮНД ДАРААХ СӨРӨГ НӨЛӨӨ ИЛЭРНЭ

Эрчүүдийн 60-70 хувь нь архаг ядаргаанд орсон байдаг. Энэ нь бэлгийн асуудлаас болдог. Ажлын бүтээмж алдагдана, уурлана, уцаарлана гэх мэтчилэн. Үүнээс авч байгаа мэдрэмжийг архаг ядаргаа гэж нэрлэдэг. Эмэгтэйчүүдийн хувьд ч мөн адил дур тавиагүй эмэгтэй хүний ажлын бүтээмж маш бага байдаг. Гэр бүл, бэлгийн асуудлаас болоод уурлаж, ажлын байрны стресс болон дамждаг гэх мэтчилэн ажлын бүтээмж багасдаг маш том шалтгаан болдог.

Түүнээс гадна хамгийн том сөрөг нөлөө бол нууц амраг болон гэр бүлээс гадуурх харилцаатай болдог.

ГЭХДЭЭ ҮҮНИЙГ ЗӨВТГӨХ БОЛОМЖГҮЙ, УЧИР НЬ…

Нууц амраг гэдэг тодорхой хэмжээнд гэр бүлийн хүнээс хараагүй, аваагүй зүйлээ өөр хүнээс олсон гэх мэдрэмж гэж ойлгож болно. Эрэгтэй хүн олон хамтрагчтай байдаг хэлбэр нэгэнт үеэ өнгөрөөгөөд олон жил болсон. Арслан олон эрслэнтэй байх нь байгаль дээр хэвийн үзэгдэл боловч хүний нийгэмд энэ нь байж болохгүй. Зөвхөн бэлгийн харилцаа бус нийгмийн хариуцлага давхар байх ёстой. Тэгэхээр нийгмийн хариуцлага, шаардлага багаас нь суугаагүй суурь байхгүй, гэр бүлийн хүмүүжил, аав ээжийн үлгэр дуурайл хангалттай биш учраас байгалийн хэрэгцээгээ дагах тохиолдол гардаг гэж болно. Тодорхой хэмжээнд нийгэмшиж чадаагүй, гэр бүл гэж юу вэ гэдгийг мэдэхгүй байна гэсэн үг.

Хамгийн бага бүлэг нэгж гэр бүл. Түүнд дасан зохицохын тулд хэрхэн амьдрах мэдээлэл байхгүй. Мэдээлэл байдаг ч хэвшүүлж чадаагүй байгаагийн илрэл. Буруу хэвшилтэй хүн зөв мэдээллийг мэддэг ч түүнийг хэрэглэж байна гэдэг бол хэвшил болж байж зан үйл өөрчлөгдөх ёстой. Мэдээлэл технологийн үе гэж байгаа ч барьсан тавьсан мэдээлэл их түүнийг барьж хэрэгжүүлж байгаа хүн ховор. Биологийн талаас харвал эрэгтэй хүн эмэгтэйгээсээ илүү бэлгийн дуршил ихтэй. Яг нийгмийн хүрээллийн үед нэг бэлгийн хамтрагчтай байх гэдгийг бие хүн болж төлөвшөөд хариуцлагаа ухамсарласан үед гэр бүл болох хэрэгтэй.

БОЛОМЖ БАЙНА

Гэр бүл салалт гэдэг цаанаа маш олон хор уршгийг дагуулж байдаг. Хүүхэд өнчрөхөөс гадна Монголчуудын хувьд эхнэрийн тал, нөхрийн тал гээд олон хүн гэр бүлийн амьдралд оролцож байдаг тул олон хүний сэтгэлзүйн асуудал гарч ирдэг.

Хардалт энгийн хар, эмгэг хар гэж хоёр янз бий. Эмгэг хар гэхээр ямар ч байж боломгүй үндэслэлгүй зүйл дээр харддаг. Тэр бүү хэл утсан дээр нь байгаа мессежийг хүртэл буруу болгож уншдаг. Нөхрийнхөө хувцсан дээрээс үс олдохгүй болохоор нь чи халзан хүнтэй яваад байна даа гэдэг онигоо шиг л гэсэн үг. Видео дуудлага хийдэг хүмүүс их болчихсон байна. Гэх мэтчилэн хардуулж байгаа хүнд сэтгэлзүйн дарамт болдог. Ойлголцчих асуудал дээр ингэж хүндрэл учруулдаг. Нээлттэй байж чадаагүйн гай. Хосуудын харилцаа нээлттэй биш байна. Би чамайг ингэж хармаар байна, чамаас ийм зүйл хүсээд байна гэж хэлж чадахгүй болохоор тэрийг өөр хүнээс мэдэрч байна.

Түүнээс гадна амархан дур тавих, бэлгийн хөрлийг ч тодорхой дэглэмээр үр дүнд хүргэх боломжтой гэдгийг дуулгах нь зүйтэй.

Секс фантаз бол хүн бүрд байдаг зүйл. Түүнийгээ хуваалцсанаар илүү сайхан харилцааг бий болгоно. Чин сэтгэлийн ярилцлага хийж, сардаа нэг удаа болзож байх нь гэр бүлийн харилцааг халуун дотно болгох нэг хөшүүрэг юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.