С.МАРГАД: БҮЖГИЙН СПОРТЫН ГОЛ ЗАРЧИМ НЬ ЭВ НЭГДЭЛ

Монголын хөгжөөн дэмжигч бүжгийн спортын “Галт шувуу” хамтлагийн бүжигчин С.Маргадтай ярилцлаа.

-22.00 хэдийнэ болж хүмүүс амарч байхад та нарыг бэлтгэл хийж байх юм гэж огт санасангүй. Орой бүр бэлтгэл хийдэг юм уу?

-Хамтлагийн тамирчдын нэг хэсэг нь сурдаг, зарим нь ажил хийдэг. Тийм болохоор бэлтгэл хийх боломжтой цаг нь энэ.

-Энэ зааланд тогтмол хийдэг үү?

-Тийм ээ. Энэ зааланд бэлтгэл хийгээд удаж байна. Долоо хоногт гурван удаа бэлтгэл хийдэг.

-Нэг дасгалыг хэр олон удаа давтаж байж өөрийн болгох боломжтой вэ?

-Тэд, эд гэсэн нарийн тоо байхгүй. Бэлтгэлээ тогтмол хийхгүй бол техник мууддаг. Тиймээс аль болох тогтмол бэлтгэл хийхийг хичээдэг.

-Хөгжөөн дэмжигч бүжгийн спортыг биеэ даасан спорт гэж бодоогүй ээ? -Тэгээд ямраар төсөөлж байв.

-Хөгжөөн дэмжигч баг гэдгийг сагсан бөмбөгийн лигийн тэмцээний завсарлагаанаар бүжиглэдэг охидоор л иргэд төсөөлдөг. Гэтэл тийм биш юм.

-“Галт шувуу” хамтлаг үүсч хөгжөөд ес дэх жилтэйгээ золгож байна. Манай хамтлаг Монголдоо энэ спортын анхдагч нь. Би энэ хамтлагт элсээд жил л болж байна. Лигийн тэмцээний завсарлагаанаар тамирчидаа дэмжих зорилгогоор С.Одгэрэл эгч ШУТИС дээр охидууд цуглуулан бэлтгэл хийлгэж эхэлсэн юм билээ.

-Хамтлагийн менежер С.Одгэрэл энэ спортыг хөгжүүлэхээр багагүй ажиллаж байгаа харагдсан.

-Хэлээд юу гэх вэ. Тамирчдынхаа хувцасыг урлана. Ая сонгох, гадаад харилцаа гээд түүний гар, бие оролцохгүй ажил гэж бараг байхгүй.

-Ая гэснээс бүжгийн ая дууг хэрхэн сонгодог вэ?

-Сонгох ая маань бүжгийн дэглэлтэнд тохирох эсэх нь хамгийн чухал. Мөн ая нь зохиогчийн албан ёсны эрхийн зөвшөөрөлтэй байх ёстой. Ая зардаг тусгай сайт хүртэл байдаг юм билээ. Тэндээс ихэвчлэн сонгодог.

-Есөн жилийн хугацаанд эгнээндээ олон хүн элсүүлсэн биз?

-Энэ хугацаанд дөрөв дэх үеэ бэлтгэж байна. “Галт шувуу” хамтлаг дэргэдээ хамтлаг болон студитэй. Студи дээрээ бага насныханд анхан болон ахисан шатны сургалт явууллаг.

-“Галт шувуу” байгуулагдснаас хойш хөгжөөн дэмжигч бүжгийн хамтлаг цөөнгүй байгуулагдсан. Өнөөдрийн энэ түвшинд хүрэхэд юу нөлөөлсөн гэж өөрөө боддог бэ?

-Сурах зүйл их байна. Цаашдаа ч ихийг сурахыг хичээнэ. Энэ спортын гол зарчим нь 70 хувийн эв нэгдэл, 30 хувийн өрсөлдөөн. Энэ утгаараа хамтлагийнхан маань нэг гэр бүл шиг байдаг. Энэ нь нөлөөлсөн болов уу.

-“Токио-2020” олимпийн наадамд хөгжөөн дэмжигчийн спорт орох магадлалтай гэж сонссон. Тиймээс монголчуудын анхаарлыг яах аргагүй татаж байгаа спортын төрөл болов уу гэж бодсон?

-Тийм ээ. Манай урд хөршид гэхэд энэ спортоор хоёр сая орчим хүн хичээллэдэг гэсэн. Гаднын бусад оронд ч гэсэн энэ спорт эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа Америк, Хятад, Японы баг тамирчид мундаг амжилт үзүүлж байгаа.

-Манай улсад энэ спортоор хэр олон хүн хичээллэдэг юм бол?

-200 орчим хүн бий. Спорт хөгжихөд хичээллэгч, өрсөлдөгчдийн тоо чухал.

-Өөрөө яагаад энэ спорт руу татагдах болов оо?

-2017 онд Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Манай сургуулийн аэробикийн багш Түмэнтөгс тэмцээнд оролцох санал тавьсанаар хоёр сар бэлтгэл хийгээд гуравдугаар байрын шагнал авсан. Багадаа монгол бүжгээр хичээллэдэг байсан нь тус болсон.

-Азийн аваргаас ирээд Америкт болсон тэмцээнд орсон байх аа?

-Америкт болсон тэмцээнд дасгалжуулагчийн хувиар оролцсон. “Галт шувуу” хамтлагийн багш Т.Мичидмаа, “Хобби” сургуулийн багш бид гурав өсвөрийн тамирчдыг удирдаж оролцсон. Анхны тэмцээн гэхэд голохооргүй шүү.

-Шагнал авсан уу?

-Арай бараагүй ээ. Аравдугаар байрт шалгарсан. Үүний дараа Орландо хотод дунд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход манай баг алт, мөнгөн медаль хүртсэн. Энэ тэмцээнийг Т.Мичидмаа багш дасгалжуулсан юм.

-Урлаг, спортыг нэг үйлдэлд хэвэнд цутгана гэдэг нөр их хөдөлмөр юм шиг ээ?

-Багш нар маань “Сайн унтаж, чанартай хоол хүнс хэрэглэ” гэж хэлдэг. Бэлтгэлийн үеэр ачаалал их авдаг учраас аль болох амин дэмтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

-Монголчуудыг багаар ажиллах тал дээр дутмаг гэх нь бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Багаар ажиллах чадварын хувьд бусад орныхоос дутуу нь үнэн байх. Энэ сул талаа сайн хөгжүүлж чадвал бидний өмнө олон том боломж бий.

-Үндэсний бүжгийн урлагаа орчин үеийн бүжгийн дэглэлтэнд ашигласан тохиолдол бий юү?

-Монгол бүжгийн ая, хэмнэл их онцлогтой. “Бэхи” студитэй хамтарч монгол бүжгийн хэмнэл, аяны хэсгээс ашигласан удаа бий. Мэдээллийн хурдацтай хөгжлийг дагаад ямарваа зүйлээс иргэд амархан уйддаг болсон. Тиймээс цаг ямагт шинэчлэл хийхийг хичээдэг.

-Нэг бүжгийн дэглэлтийг эцэслэхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Хятадууд тэмцээн эхлэхээс жилийн өмнө тухайн номерт шаардагдах бүх зүйл жин тан болсон байх ёстой гэдэг юм билээ. Харин бидэнд ийм жишиг тогтоох хэцүү л дээ. Наандаж л санхүүгийн хүндрэл байнга гарна. Хамгийн сүүлд гэхэд л тэмцээнд явахаас 14 хоногийн өмнө бэлтгэл ажлаа дуусгасан.

Б.Жаргал

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.