Сайхан мэдээ: “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одонтой найман ээжийн хуримыг үнэ төлбөргүй хийлээ

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр “Одонтой ээжүүд” цахим нэгдлийн санаачлагаар “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одонтой, 36 хүртэлх насны найман ээжийн хуримын ёслол болж өндөрлөлөө. Тус ордон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан идрийн барилдлагатай сайн өдөр тэдгээр хосын хуримыг ийнхүү үнэ төлбөргүй зохион байгуулав. Эхчүүдийн хуримын ёслол “Контенинтал” зочид буудлын ресторанд үргэлжлэх бөгөөд “Alphard & Velfire Luxury club”-ийн 18 гишүүн хуримын ёслолд чимэглэсэн автомашинаараа үйлчилж байна.

Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа “НЗДТГ-аас энэ жилийг иргэдийн оролцоотой жил болгон зарласан. Түүнчлэн нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан иргэдийн хуримын ёслолыг өргөн цар хүрээтэй зохион байгуулахыг зорьж ажиллаж байна. Манай ордон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, “Одонтой ээжүүд” цахим нэгдлийн санаачилсан “Бахархалт ээжүүд” ёслолыг дэмжиж, 36 хүртэлх насны, хамгийн залуу найман хосыг сонгож, хуримын ёслолыг нь идрийн барилдлагатай сайн өдөр хийлээ. Энэхүү ёслолоор тэдгээр хосын амьдралд сайхан дурсамж үлдээхээс гадна нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах, олон хүүхдээс татгалзаж буй гэр бүлд эерэг чиг хандлага түгээх ач холбогдолтой” гэв.

Хуримаа хийсэн дээрх найман ээжийг нийгмийн сүлжээ фэйсбүүкийн “Одонтой ээжүүд” нэгдлийн цахим хуудсаар санал асуулга явуулж, тус хуудасны 4000 орчим “Алдарт эх”-ийн одонтой гишүүдээс сонгосон бөгөөд жил бүр энэхүү ёслолыг уламжлал болгон зохион байгуулах юм байна. Гэрлэлтээ батлуулсан одонтой ээжүүдийн хамгийн залуу нь 28 настай ээж байв.

Б.ЖАРГАЛ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.