ok

ЗУНЫ ГОЁЛ: ЯМАР ӨНГӨ СОНГОХ ВЭ?

20, 30-аад жилийн тэртээх загварын шуурга хүчтэй салхилж буй 2017 оны загварын гол трэндээр өндөр суудалтай жийнс, томдсон гэмээр нэлмэгэр хүрэм, гялтгасан лаакан материал, дөрвөлжин хоншоортой гутал, хуучны шоотой хээ зэргийг нэрлэж болно.

Өнгөний хувьд ч хурц, тод, гялтганасан, сарнаас буугаад ирсэн юм уу гэмээр, эсвэл элдэв цэцэг чимэглэл, хээ хуартай, бүр эсвэл модернист зураг гэж болохоор олон өнгө сүлэлдсэн загварыг фэйшн экспертүүд санал болгож байна.

Томоохон загварын сэтгүүлийн гол хуудсуудыг эзэлж, загварын долоо хоногуудын нүүрний эгнээнд суудаг фэйшн блоггерууд ч мөн тэдний санааг дуу нэгтэй дэмжиж байна. “Яг юу нь тийм гоё байгаа юм бол” гэж бодогдмоор тийм л хувцас загварын эринд алхаж яваагаа та санаарай.

ХУРЦ ЯГААН

Урин дулаан улирлын ганц сайхан нь юу хүссэнээ “углаад” гараад явчихаж болно. Байгаль дэлхий дулаарахтай зэрэгцээд сэтгэл санаа ч хөнгөрөөд ирдэг болохоор охид, бүсгүйчүүд дотроосоо л гэрэлтээд ирдэг. Тиймээс та тод өнгөнөөс эмээх хэрэггүй. Ягаан өнгө энэ улирлын хамгийн чухал трэнд байх болно. Зөөлөн тайван baby ягаанаас эхлээд интоорын, усан үзмийн, гүзээлзгэнийн гээд ямар ч ягаан байж болно. Сонголт таных.

ЦЭЦЭГНИЙ СҮР ХҮЧ

Нялх ногоо цухуйж, цэцэг дэлбээгээ нээхтэй зэрэгцээд та ч бас өөрийгөө цэцэг, хуараар чимээрэй. 70-аад оны гол бэлгэдэл болсон зүсэн бүрийн цэцгэн хээ энэ хавар, зуны салшгүй нэгэн элемент байх болно.

САНСРЫН ОХИН

Орчин цагийн далайн гүнж, эсвэл сансар огторгуйг хамгаалагч мэт метал өнгийн хувцас, аксесуар хэрэглэл таны хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой. Ялангуяа бүх төрлийн “металжуулсан” цэнхэр өнгийг Chanel, Dior, Kenzo гээд загварын нэр хүндтэй ордны дизайнерууд санал болгож байна.

ШАР ТАХАЛ

Нимбэгийн шар өнгөнөөс эхлээд гэрэлтсэн неон шар гээд нарыг санагдуулам гэгээлэг өнгө 2017 оны зуны бас нэгэн чухал элемент байх болно. Нью-Йорк, Лондон, Парис, Милан гээд дэлхийн загварын гол дөрвөн хотын тайзнаа шар өнгийн хувцас загвар толилуулаагүй загварын ордон гэж байхгүй. Энд л гэхэд та Chloe, Bottega Veneta, Gucci-гийн загварыг харж байна.

ПОЛКА БӨМБӨЛГҮҮД

10-аад жилийн давтамжтайгаар хувцас загварт айлчлан ирдэг, загварын хүрээллээс хэзээ ч мартагдаж байгаагүй полка бөмбөлгүүд эргэн ирлээ. Цулгуй хар дээрх цагаан бөмбөлгүүд ялангуяа энэ хавар, зуны гол трэнд өнгөнүүдийн нэг байх нь ээ.

Сэтгэгдэл бичих