ok

М.Сарнай: 30 литрийн тогоо дүүрэн хоол хийгээд 31 хүүхэдтэйгээ хамт хооллох хамгийн сайхан

Хүний орчлонд хамгийн сайхан зүйл  бол хүүхдийн инээд хөөр баяр баясал байдаг билээ. Алдрай бяцхан үрс ээж аавын хайр энэрлийг хүртэхээр энэ хорвоод мэндэлсэн хэдий ч, амьдралын хар сүүдэр алдрай бяцхан үрсийг нөмөрсөөр.

Архичин аав,  хүйтэн сэтгэлт ээж, ад шоо үзэх хойд аав ээж, ядуу амьдрал… Энэ бүхний золиос нь энхрий бяцхан хүүхдүүд болж байна. Төрсөн хүүхдээ архинаас болж хог дээр хөөн гаргах хүйтэн цэвдэг сэтгэлтэн байхад  өрөөлийн хүүхдийг өөрийн юм шиг өсгөх ачтан ч бас байна.

Энэ эмэгтэйг Сарнай гэдэг. 37 настай. Сарнай бүсгүй  өөрийн жижигхэн хашаандаа 5 ханатай гэртээ 31 хүүхдийг хооллож ундлан, хувцаслан хүмүүжүүлж байна. “Хүүхэд бүр инээж байх ёстой” гэж Сарнай бүсгүй ярьж байна.

Анх 11 жилийн өмнө  анхны хүүхдээ өргөж авсан байна. Тухайн үед түүний өргөж авсан хүүгийн аав ээж архины хамааралтай болж, хүүг хогийн цэг дээр гаргасан байжээ.

Харин хамгийн нялх нярай 9 сартай. 7 хоногийн өмнө иржээ. “Том ээж ээ” гэж дуудуулах Сарнай бүсгүй өсгөж хүмүүжүүлж байгаа хүүхдүүдээ аав ээжээс нь албан ёсны зөвшөөрөл авч өсгөдөг байна.

“31 хүүхдийн идэх хоол, өмсөх хувцас, хичээлийн хэрэгслийг бэлдэнэ гэдэг энэ цаг үед хүнд, гэхдээ сайн санаат хүмүүсийн тус дэмжлэгтэйгээр болж байна. Хүн өөрөө хичээвэл болно доо. Хүүхдүүдээ тойруулаад 30 литрийн тогоо дүүрэн хоолоо хувааж идээд суух сайхан. Өглөө эрт хүүхдүүдээ формыг нь өмсүүлээд сургуульд нь гаргаж өгөхдөө өөрийн эрхгүй нулимс унагадаг” гэж ярьж суух Сарнай бүсгүйгээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.

Сарнай бүсгүй “Би хүүхдүүдээ заавал сайн хүн болгож өсгөнө. Гэхдээ энэ муу 5 ханатай гэр минь арай л багадаад байх юм. Аятайхан газар 2 давхар байшин бариад хүүхдийн төв байгуулчихвал ч башийгаад л явчихна. Тиймээс 1 хүн 1 тоосго аянг санаачилсан. Нэг нартай өдөр хүүхдүүдтэйгээ Сарнай хүүхдийн хөгжлийн төвөө байгуулаад бужигнаж сууна даа гэж Сарнай бүсгүй ярьж байлаа.

Сэтгэгдэл бичих