2019 онд дэлхийг өөрчлөх, хамгийн нөлөө бүхий долоон эмэгтэйн нэгээр МОНГОЛ БҮСГҮЙГ нэрлэжээ

Урлаг, бизнес, хүний эрх гээд өөр өөрийнхөө салбарт манлайлан, шинийг хийж бүтээж буй долоон эмэгтэйг 2019 оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүд хэмээн онцолжээ.

Тэдний дотор загвар зохион бүтээгч, ноолууран хувцасны зах зээлд амжилттай ажиллаж буй Ж.Мандхай багтсан юм. Эрч хүчтэй, нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөлгүй, харин ч орвонгоор нь өөрчлөхийг зорин ажилладаг бүсгүйчүүдийг танилцуулъя.

Пип Жэймисон, The Dots компанийн гүйцэтгэх захирал 

Лондон дахь бүтээлч салбарт ажиллаж буй нийт захирлын 12 хувь нь эмэгтэйчүүд, тэдний ердөө 2 хувь нь Африк эсвэл Ази гаралтай гэх мэт цөөнхийн бүлгийн эмэгтэй захирлууд. Пип Жэймисон ажил хайж байгаа болон бизнес эрхлэгчдийг холбодог, мэргэжлийн сүлжээ байгуулснаар 2019 оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлэв.

Лондон дахь бүтээлч салбарт ажиллаж буй нийт захирлын 12 хувь нь эмэгтэйчүүд, тэдний ердөө 2 хувь нь Африк, Ази гаралтай цөөнхийн бүлгийнх.

Түүний сүлжээний онцлог гэвэл ажил хайж буй иргэд бусад шиг CV-гээ илгээх шаардлагагүй. Иймд ажил олгогч хэн нэгний нэр, зураг, боловсролын түвшинг харалгүйгээр сонголтоо хийнэ. Тэднийг хооронд нь зөвхөн төслүүд холбоно. Ингэснээр ажил горилогчдын тэр бүр ил байдаггүй авьяасыг нээн танилцуулах зорилго агуулжээ. Ажил олгогч энэ сүлжээний хайлтад ямар ур чадвартай ажилтан хайж байгаагаа бичихэд л хангалттай.

Жэймисон нэг хүнийг нөгөөд нь танилцуулахыг биш, харин бүх гишүүний жигд оролцоотой баг бүрдүүлэхийг гол зорилгоо болгожээ. Учир нь ажил горилогчийг нас, хүйс, арьс өнгө, төгссөн сургуулиар нь ялгаварлах ёсгүй гэж Жэймисон үздэг.

Мину Вадхера, нийгмийн зүтгэлтэн, Women on Wheels-ийг үүсгэн байгуулагч

Мину Энэтхэгийн нийслэл Делид амьдардаг. Тэрээр сүүлийн 30 жилийн турш эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байна. Тус улсад эмэгтэйчүүд одоо ч аюулгүй байдлаа бүрэн хангуулж чадахгүй байгаа юм. Делигийн цагдаагийн газраас мэдээлснээр 2018 оны байдлаар өдөрт дунджаар 5 эмэгтэй хүчиндүүлжээ. 2015-2016 оны хооронд хийсэн үндэсний судалгаагаар хүчингийн 5 хэрэг гарахад 2-ыг нь л цагдаад мэдэгддэг байна.

Делигийн цагдаагийн газраас мэдээлснээр 2018 оны байдлаар өдөрт дунджаар 5 эмэгтэй хүчиндүүлжээ.

Мину ядуу эмэгтэйчүүдэд ажил олоход нь тусалдаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр Энэтхэгт эмэгтэй ажиллах хүчний 20 хувь нь л хөдлөмөрийн зах зээлд оролцоотой бол Шведэд энэ үзүүлэлт хамгийн өндөр буюу 88 хувь байна. Энэ нь тус улсын хөдөлмөрийн насны нийт эмэгтэйн 88 хувь нь эрхэлсэн ажил орлоготой гэсэн үг.

Мину ядуусын хороололд амьдардаг эмэгтэйчүүдийг мэргэжлийн жолоочийн сургалтад хамруулснаар тэднийг орлоготой болгоод зогсохгүй эмэгтэйчүүд нийтийн тээврийн хэрэгсэлд хүчингийн хохирогч болохгүй байх нөхцөлийг давхар бүрдүүлжээ. Одоогоор тэр 600 эмэгтэйг сургалтад хамруулсан бөгөөд энэ төслөө Энэтхэг даяар хэрэгжүүлэхээр зэхэж байгаа юм. Тус улсад ядуу эмэгтэй тогооч, угаагч, туслах, гэрийн үйлчлэгч л болдог гэсэн хэвшмэл ойлголтыг ч өөрчилж байгаадаа Мину их байртай байна.

Коррина Антробус, Bechdel Test Fest-ийг бүтээгч

Тэрээр кино ертөнц дэх эмэгтэйчүүдийн тэгш эрхэд олон нийтийн анхаарлыг татаж чадсан юм. Чөлөөт сэтгүүлч Коррина Bechdel-ийн сорилоо 2014 онд боловсруулжээ. Эмэгтэйчүүдийн дүрийг тухайн кинонд хэрхэн дүрслэн харуулсныг түүний сорил шалгах зорилготой. Эхэндээ хүн бүр түүний сорилын амархныг гайхжээ.

Гэтэл 2017 онд хийсэн судалгаагаар Холливудын нийт киноны 40 хувь нь сорилыг давж чадаагүй. Мөн энэ судалгаа ашиг орлогоороо тэргүүлдэг кинонууд сорилыг амжилттай давсныг ч харуулжээ.

Тэгвэл ямар кино энэ шалгуурт тэнцэх вэ? Дор хаяж хоёр эмэгтэй дүртэй байна, хоёул нэртэй байна, тэд хоорондоо ямар нэг зүйлийн тухай ярилцана. Гэхдээ эрэгтэй хүний талаар ярилцсаныг тооцохгүй.

Айлбх Смит, 8 дугаар  нэмэлтийг Үндсэн хуулиас хасах санаачлагыг эхлүүлэгч

Смит Ирландын нийслэл Дублинд амьдардаг. 2018 оны тавдугаар сарын 26-нд Ирландын Үндсэн хуулиас 8 дугаар нэмэлт өөрчлөлтийг албан ёсоор хасжээ. Үүнийг тус улсын олон мянган эмэгтэй “Үнэхээр сайхан” гэж баярлан хүлээн авсны нэг нь Смит. Эмэгтэйчууд Дублины ордны гадаа цуглан, баярласандаа уйлж байжээ. Тэд удаан үргэлжилсэн, хүнд тэмцлийн үр дүнд эмэгтэйчүүдийн сонголтоо хийх эрхийг баталгаажуулж, Католик сүмийн хуучин дүрмийг хүчингүй болгов.

Савита хүүхэд нь зулбасны улмаас амиа алдсан юм. Түүнийг аврах боломж байсан ч эмч нар үр хөндөлт хийн, жирэмслэлтийг зогсоохоос татгалзжээ.

Учир нь 8 дугаар заалтад эмэгтэйчүүд үр хөндүүлэх эрхгүй гэжээ. Иймд тус улсын эмэгтэйчүүд аюулгүй, баталгаатай орчин нөхцөлд үр хөндүүлэх мэс ажилбар хийлгэж чаддаггүй байв.

2012 онд Савита Халаппанавар хүүхэд нь зулбасны улмаас амиа алдсан юм. Түүнийг аврах боломж байсан ч эмч нар үр хөндөлт хийн, жирэмслэлтийг зогсоохоос татгалзжээ. Энэ нь олон мянган Ирланд эмэгтэйн унтууцлыг төрүүлэн, Смит кампанит ажлыг эхлүүлж, бүх нийтийн санал асуулга явуулжээ. Ингээд зургаан жилийн дараа зорилгодоо хүрэв. Гэсэн ч өнөөг хүртэл эмч нар үр хөндөх ажилбар хийхээс татгалздаг (ялангуяа Хойд Ирландад) хэвээр. Мөн 12 долоо хоногоос урт хугацаатай жирэмслэлтийг таслахыг хуулиар хорьсон тул эмэгтэйчүүд Их Британи явахаар өөр аргагүй болдог аж. Иймд Смит кампанит ажлаа энэ онд ч үргэлжлүүлнэ.

Назин Белуж, кино найруулагч

Пакистаны кино найруулагч Назин Белуж “Лайари: Ханагүй шорон” богино хэмжээний киног бүтээсэн юм. Түүний кинонд сэтгэлээр унасан аав, хөл бөмбөгийн хорхойтон хүү, ядуурал, тэгш бус байдлын талаар өгүүлдэг. Үйл явдал Лайари хотын, өмнө нь хөл хориотой байдаг байсан гудамжинд өрнөдөг нь найруулагчийн эр зоригийг хангалттай илэрхийлнэ. Найруулагч энэ хотод төрж өсжээ.

Тус улсын кино зах зээлд ийнхүү эмэгтэй найруулагч дуу хоолойгоо цуурайтуулсан нь олон улсын анхаарлыг татан, хэд хэдэн шагнал авчээ. Мөн тэрээр Пакистан киноны уламжлалт хэв маяг болох хөгжимт драмаас өөр төрлийн кино бүтээх зорилготой.

Ноолууран хувцасны загвар зохион бүтээгч Ж.Мандхай

Ж.Мандхай Улаанбаатарт төрсөн ч Лондонд ажиллаж амьдардаг. Түүний компанийн нийт ажиллагсдын 80 хувь нь хүүхнүүд. Тэрээр Их Британийн нийслэлд загваруудаа урлаж, УБ дахь гэр бүлийнх нь компанид түүний бүтээлүүд “амилдаг”. 1993 онд байгуулагдсан гэр бүлийнх нь компани чөлөөт зах зээлд шилжээд удаагүй Монгол Улсад байгуулагдсан анхны хувийн компаниудын нэг. Анх байгуулагдсанаас нь хойш тасралтгүй ажилласан олон эмэгтэй энэ үйлдвэрт бий. Хэдий туршлагатай ажилтнууд олон ч тэдэнд барууны загварын чиг хандлагын талаар байнга заан сургаж, дараагийн үеийн залуу загвар зохион бүтээгчдийг төрүүлэхэд Ж.Мандхай ихээхэн анхаардаг байна.

Гэхдээ ийм авьяастныг орон нутгаас эрж хайдаг. Эрс тэс уур амьсгалтай ч монгол ямааны ноолуур хамгийн зөөлөн нь. Иймд Ж.Мандхайгийн загварууд энэ оны шилдэгт тооцогдож байна.

Ария Валлийский, Их Британийн трансжендер мисс  

2015 онд Ария хүйсээ солиулахаар шийджээ. Гэвч энэ шийдвэрийн золиосонд хайртай гэр бүл, сүйт залуу, ажил, нохой, найзуудаа хүртэл алджээ. Ингээд өөрөө өөрийгөө олох тэмцэл нь эхэлсэн байна. Үр дүнд нь алдсанаасаа ч ихийг олсон гэж Ария ярих дуртай. Тэрээр хүйсээ солиулж, эр хүн байснаа эмэгтэй болсон гэдгээ хэнээс ч нуугаагүй. Энэ талаар фэйсбүүктээ бичиж, видео бичлэг хийгээгүй ч трансжендер мисс шалгаруулах тэмцээнд оролцжээ.

Амьгүй төрсөн хүүхдүүдийн асуудалд олон нийтийн анхаарлыг татах зорилготой SANDS төсөлд хандив цуглуулжээ.

Тэмцээний оролцогчид хүмүүнлэгийн, сайн үйлсийн кампанит ажилд хандив цуглуулах үүрэгтэй. Энэ нь сүүлчийн шатанд шалгарах гол шалгуур юм. Иймд Ария амьгүй төрсөн хүүхдүүдийн асуудалд олон нийтийн анхаарлыг татах зорилготой SANDS төсөлд хандив цуглуулжээ. Тэрээр өнгөрсөн арван нэгдүгээр сард Их Британийн трансжендер миссийн титмийг зүүн, арван мянган фунт стерлингийн өртөгтэй мэс засал хийлгэх эрхээр шагнуулсан юм.

Ария тэмцээний төгсгөлд “Энэхүү нэр хүндтэй шагналыг дагалдан ирэх бүх хариуцлагыг би нэр төртэй үүрнэ. ЛГБТ хүмүүст чадах чинээгээрээ тусална” гэжээ.

Эх сурвалж: theculturetrip.com